-
Ярилцлага
Бичсэн Нэгдүгээр сар 3rd, 2010 1 сэтгэгдэлтэйМанай сэтгүүлч “Их Хүлэгч” морин спортын клубын ахлах дасгалжуулагч “Монголын Тэсвэртэй холч морьтоны төрөл”-д анхны Монгол улсын спортын мастер, Монголын морин спорт уралдааны “Шилдэг Хүлэгч” Доржгаваагийн Хүдэрбаатартай тэсвэртэй холч морьтоны холын зайн уралдаанд морийг хэрхэн уяж сойх талаар ярилцлаа.А: Та сайн байна уу? Сайхан өвөлжиж байна уу?
Х: Сайхан, Сайхан өвөлжиж байна уу?
А: Та бидэнтэй морь уяж, сойх талаараа жаахан ярилцахгүй юу?
Х: За тэгье.
А: Та хэзээнээс морь уяж эхэлсэн бэ?
Х: Би 10 гаруй жил морь уяж байна даа.
А: Анхныхаа уяж, сойж байсан морьдынхоо талаар жаахан ярихгүй юу?
Х: Манай адуунд том, бага 2 хээр морь байсан. Анх тэр хоёрыгоо уяж Улсын наадамд уралдуулж байлаа. Түүнээс хойш Улсын их баяр наадамд Хүрэн азарга маань 18, Хээр морь 22, Халтар азарга 15, Шарга халзан соёолон 36-д хурдалж байснаас гадна жижиг наадмын түрүү, айраг олныг авч байлаа.
А: Хэзээнээс холын зайн төрөлд оролцох болсон бэ?
Х: МҮМУХолбоо буюу одоогийн ММСУҮХолбооноос зохион байгуулдаг холч морьтоны тэмцээнд 2002 оноос одоог хүртэл тогтмол оролцож ирсэн. Манайх гэдэг айл энэ спортод гэр бүлээрээ оролцдог юм. Тийм ч болохоор сүүлийн жилүүдэд “Их Хүлэгч” морин спортын гэр бүлийн клуб байгуулан оролцох болсон доо. Энэ жилүүдэд тус тэмцээнээс I-р байр 6, II-р байр 4, III-р байр 8-ыг эзэлсэн байна.
А: Танай гэр бүлээс Монгол улсын спортын мастер 3 төрсөн гэсэн үүний талаар яриач?
Х: Тиймээ. Би дээр дурьдсан манайх гэр бүлээрээ морин спортод зүтгэдэг гэж. Миний аав Ц.Доржгаваа МҮМУХолбооны дээд шагнал “Морин Эрдэнэ” одон мөн Монголын морин спорт уралдааны “Шилдэг Хүлэгч” цолтой буянтай буурал бий. Тэгээд би 2005 онд Монгол улсын спортын мастер болсон. Миний 2 дүү Монголын морин спорт уралдааны “Хүлэгч” цолт Д.Нарангэрэлмаа, Д.Дамдинрагчаа нар мөн “Тэсвэртэй холч морьтоны төрөл”-д Монгол улсын спортын мастер болцгоосон. Одоо зээ дүү нар маань тэмцээнүүдэд оролцож амжилт гаргаж эхэлж байгаа.
А: Холын зайд уралдах хэцүү юу?
Х: Тухайн тамирчны тэсвэр хатуужил, авхаалж самбаанаас ихээхэн шалтгаалдаг хүнд спортын төрөл. Монголын уламжлалт уралдаан бол 20-30 км-т морины дээд хурдаар богино хугацаанд уралддаг холын зайн уралдаан нь урт хугацаанд 1-2 өдөр уралддаг тал бий. Жишээ нь: 90 км уралдлаа гэж бодъё. Өглөө гараад 40 км яваад морьныхоо зүрхийг мал эмнэлэгийн шүүгчид хянуулж чагнуулдаг. Зүрхээр тэнцвэл 20 минут амраад дараагийн замд гарна. 20 км явж ирээд ахиад хянуулж тэнцвэл, амраад, дараагийн 20 км-т явж ирээд үзлэгтээ ороод сүүлийн 10 км-т “Finish” хийснээр замаа дуусгаад морьныхоо зүрхийг тэнцүүлсэнээр нь байр эзлүүлнэ дээ.
А: Холын зайн уралдааны морь нь ойрын зайн уралдааны морьноос ялгаатай юу?
Х: Маш их ялгаатай холч морь бол холдоо сайн морь байхаас гадна морио маш сайн онгойлгох хэрэгтэй болдог. Миний ойлгож мэдсэнээр бол холч морины шинж Газар шинжтэй, 4-н хөл богино бөгөөд бүдүүвтэр, хавирга урт, магнай түшүү өргөн, чихний уг нь бүдүүн, зузаан, үзүүр нимгэн болоод унаж явахад хоёр тийш дальбага дальбага гэж хөдөлж байвал сайн. Биеийн гадуур төрх дөрвөлжин биетэй зузаан, голын бяртай морь байна. Баяр наадамд уралддаг морьд олон янзын шинжтэй морьд байдгаас хурдан морь холч морины тэмцээнд орж болох талтай. Наадмын морийг 25-30 хоног уяж уралдуулдаг бол холч морийг түүнээс бага хугацаанд уяж болно. Хамгийн гол нь морио маш сайн онгойлгохоос гадна хүч таргыг нь тааруулах хэрэгтэй болдог оо.За таньд бидэнтэй сонирхолтой яриа өрнүүлсж манай уншигч нарт өөрийн туршлагаасаа хуваалцсанд баярлалаа. Танай клубын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Морь хурдан байх болтугай.Та нарт ч гэсэн баярлалаа, баяртай.
1 сэтгэгдэлтэй, “Ярилцлага”
-
Баярлалаа. Манай нийтлэлтэй холбоотой сэтгэгдэлээ байнга бичиж байгаарай.
Сэтгэгдэл үлдээх
-


